Эцэг Бурхан

Бурханы сүм Ариун Гуравын сэнтий нэг гэдэгт бат итгэн Бурханы нэрийг мэдэх нь авралтай шууд холбоотой гэж үздэг. Ариун Гуравын сэнтий нэг нь Эцэг Бурхан Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнсний үед тус тус өөр нэрээр ажиллаж байгаа ч угтаа адилхан гэсэн утгыг илэрхийлдэг. Хуучин гэрээний үед Ариун Эцэг Ёхова Бурхан шинэ гэрээний үед Хүү (Ариун Хүү)-гээр ирсэн Нэгэн бол Есүс, Библийн зөгнөл дагуу энэ үед хоёр дахиа ирсэн Есүс Христ (Ариун Сүнс) бол Ан Сан Хун Христ гэж Бурханы сүм итгэдэг.

Ариун Сүнсний үед Аврагчаар ирэх Христ нь Давидын сэнтийг авна гэж зөгнөсөн. Давид 30 насандаа хаан ширээнд сууж 40 жил хаанчилсан. Харин 30 насандаа баптисм хүртсэн Есүс 3 жил сургаалаа заасны эцэст загалмайд амьсгал хураасан тул хоёрдугаар Есүс бас 30 насандаа баптисм хүртэж үлдсэн зөгнөлийн хугацаанд буюу 37 жилийн турш сайн мэдээ тунхаглаад нас барах ёстой. Энэ зөгнөлийг биелүүлсэн Нэгэн бол Ан Сан Хун Христ юм. Ан Сан Хун Христ Библийн зөгнөл дагуу дорно зүгийн хязгаарын улс БНСУ-д төрж 1948 онд сайн мэдээний амьдралаа эхэлж, 1985 онд тэнгэрт одсон.

Бурханы сүм Ан Сан Хун Христийг хоёрдугаар Есүс гэж итгэдэг хамгийн чухал үндэслэл нь үхэхээс өөр аргагүй хүн төрөлхтөнд мөнх амь соёрхсон Нэгэн гэдэгт байгаа юм. Есүс Христ загалмайн золиос амсахынхаа өмнөх шөнө Дээгүүр Өнгөрөх Баяр сахин Өөрийн мах, цусыг бэлгэддэг талх, усан үзмийн дарсыг шавь нартаа өгч мөнх амь ба нүглийн уучлал амлаж, үүнийгээ шинэ гэрээ хэмээсэн. Шинэ гэрээний Дээгүүр Өнгөрөх Баярыг элч нарын үе хүртэл тэмдэглэж ирсэн ч сүмд ертөнцийн зан үйл орж ирснээр устаж алга болсон юм. Ингээд шашны харанхуй үе, шашин шинэчлэлийн үеийг дамнан 1600 жилийн турш хэн ч олж чадаагүй. Ийм нөхцөл байдалд хүн төрөлхтөнд дахин мөнх амийн ерөөл өгөх Нэгэн бол зөвхөн Бурхан, өөрөөр хэлбэл хоёрдугаар Есүс гэж Библийн зөгнөлд бий. Тиймээс шинэ гэрээг дахин сэргээж хүн төрөлхтнийг мөнх амь ба авралын замаар хөтөлсөн Ан Сан Хун Христ бол хоёрдугаар Христ буюу Эцэг Бурхан мөн.

Эх Бурхан

Эх Бурханд итгэх итгэл Бурханы сүмийн онцлогийг илтгэх гол цөм юм. Олон хүн Бурханыг ганц “Эцэг Бурхан” гэж итгэдэг ч Бурханы сүм Эх Бурханд ч бас итгэдэг юм. Библид “Тэнгэрт байгаа бидний Эцэг минь” (Мат 6:9), “Дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм” (Гал 4:26) хэмээн сүнсний Эцэг, Эхийг гэрчилдэг юм.

Бурханы сүм Эхлэл номноос Илчлэлт ном хүртэл Библид гарч байгаа Бурханы эр эм хүйсийн талаар анхаардаг. Эхлэл номны 1-р бүлэгт Бүтээгч Эзэн хүн төрөлхтнийг бүтээхдээ “Бид Өөрсдийнхөө дүр төрхийн дагуу Өөрсөдтэйгөө адилхан хүнийг бүтээж” гээд “Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээв” хэмээсэн. Энэ нь эрэгтэй дүр төрхийн Бурхан (Эцэг) төдийгүй эмэгтэй дүр төрхийн Бурхан (Эх) ч бас байдаг гэсэн утгатай.

Түүгээр ч зогсохгүй “Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ” гэж эхэлдэг Библид эхний ишлэлээсээ авхуулаад л “Бурхан” гэснийг еврей эх хэлний Библид ойролцоогоор 2500 удаа “Елохим” гэх олон тоогоор илэрхийлж бичсэн байдаг. Тэнгэр газрыг бүтээсэн Бурхан ганц Бурхан биш “Бурхад” гэсэн утгатай. Бурханы сүм түүний учрыг Эцэг Бурхан болон Эх Бурхан оршдогтой холбоотой гэж итгэдэг. Библийн сүүлчийн хуудсанд хүн төрөлхтөнд “Ирээрэй… амийн ус аваарай” гэж айлдаж байгаа Сүнс болон Сүйт бүсгүй гардаг. Амийн ус өгч чадах оршихуй нь зөвхөн Бурхан тул энд гарч байгаа Сүнс нь Эцэг Бурхан, Түүнтэй хамт амийн усыг өгөх Сүйт бүсгүй нь Эх Бурханыг заадаг.

Холбоотой кино

Тэнгэрийн орны гэр бүл ба газар дээрх гэр бүл

Эцэг эх гэж гэр бүлийн хүрээнд хэрэглэгддэг үгс. Эцэг, эх, үр хүүхдээс бүрддэг энэ газрын гэр бүлийн тогтолцоо тэнгэрийн оронд ч бас Эцэг Бурхан, Эх Бурхан мөн Бурханы хүүхдүүд байдгийг харуулж буй хуулбар юм. Газарт хайраар нэгдсэн гэр бүл байдаг шиг тэнгэрийн хаанчлалд ч бас мөнхийн хайраар холбогдсон сүнсний гэр бүл байдаг. Гэр бүлийн гишүүд цусан төрлийн холбоогоор холбогддог шиг тэнгэрийн орны гэр бүл ч бас Дээгүүр Өнгөрөх Баяраар соёрхох “гэрээний цус”-аар холбогдоно.

Бурханыг Эцэг, Эх гэж итгэдэг итгэл Бурханы сүмийн итгэгчдийн амьдралд маш их нөлөө үзүүлдэг юм. Бурханы сүмийн итгэгчид Бурханы хүүхэд бөгөөд тэнгэрийн орны гэр бүл мөн гэдгээрээ бахархдаг. Газар дээрх гэр бүл тэнгэрийн орны гэр бүлийг тусгасны хэрээр ар гэрийг чухалд тооцож, гэр бүлийн эв нэгдэл, аз жаргалд ач холбогдол өгдөг. Библийн сургаал дагуу эцэг эхээ хүндэлж, үр хүүхдээ энэрч, ах дүүс эвтэй байж, эхнэр нөхөр биенээ нэг бие мэт хайрлаж, гэр бүлээ бяцхан тэнгэрийн хаанчлал болгох гэж хичээдэг юм. Мөн хүн төрөлхтнийг Эцэг Бурхан, Эх Бурхан руу ирж хамтдаа мөнхийн аз жаргал эдлэх их гэр бүл гэж үздэг тул бүх хүний аз жаргал хийгээд нийгмийн халамжийн төлөө санаа тавин, сайн дурын ажил болон аврах ажилд ч хүчин зүтгэж байна.

Холбоотой кино

Махан биеэр ирэх Бурхан

Христийн шашин нь угтаа махан биеэр ирж хүн төрөлхтөнд аврал соёрхох Бурханд итгэдэг шашин юм. Бурханы сүм нь Эцэг Бурхан ба Эх Бурхан зөвхөн сүнсээр оршдог биш Ариун Сүнсний үед хүн төрхөөр ирж хүн төрөлхтнийг аварна гэж итгэдэг. Бурхан бол бүгдийг чадагч бөгөөд ямар л бол ямар хүн болж энэ газарт ирж чадна. Библийн зөгнөл дагуу хүний төрхөөр ирсэн Бурханд итгэх ёстой.

2000 жилийн өмнө Хүү болж төрсөн Есүс Христ Библид “Эхэнд Үг байсан Бурхан махан бие болж бидний дунд оршсон Нэгэн” гэж илэрхийлэгдсэн (Иох 1:1-14). Бурхан хүн болж ирсэн гэх христийн шашны сургаал тухайн үеийн гол шашин байсан иудейн шашныхны дургүйцлийг хүргэсэн юм. Иудейчүүд “Хүн байж Өөрийгөө Бурхан болгож байна” гээд Есүс Христийг хөнөөх гэж оролдсоор эцэст нь гүтгэн загалмайд цовдолсон.

Христ дахин амилж тэнгэрт одсоны дараа шавь нар “Хүн болох Христ Есүс” (1Тимот 2:5) гэж зоригтой гэрчлэн махан биеэр ирсэн Бурханд итгэхийг онцолж байсан. Есүс Христ бол хүн төрөлхтний Аврагч гэж дэлхий дахинд тунхаглагдаж, ертөнцийн хүмүүсийн итгэлийн субьект болсон юм.

Гэтэл Библид “Христ хоёр дахиа үзэгдэхдээ Өөрийг нь тэсэн ядан хүлээгсдийг аврах болно” (Еврей 9:28) гэж зөгнөсөн байдаг. Үргэлж сүнсээр оршдог Христ “хоёр дахиа” үзэгдэхдээ гэсэн нь анх удаагийнхтайгаа адилхан махан биеэр ирнэ гэсэн утгатай. Мөн Сүнс болон Сүйт бүсгүй “Ирээрэй… амийн ус аваарай” гэсэн үг ч бас 2000 жилийн өмнөхтэй адилхан Үг нь махан бие болж Эцэг Бурхан ба Эх Бурхан энэ газарт ирнэ гэсэн утгыг илэрхийлж байгаа.

Холбоотой кино

Дээгүүр Өнгөрөх Баяр

Бурханы сүм нь 2000 жилийн өмнөх Есүс Христ ба шавь нарын ул мөрийг тэр хэвээр нь дагаж Дээгүүр Өнгөрөх Баяр сахидаг цорын ганц сүм юм. Дээгүүр Өнгөрөх Баяр нь ойролцоогоор 3500 жилийн өмнө Египетэд боолчлогдож байсан израиль ард түмэн гэрийнхээ баруун зүүн хатавчинд ба тотгонд хурганы цус нялж, уугануудыг цохих аймшигт гамшгаас аврагдаж чөлөөлөгдсөн өдөр. Үгийн үндсэн утга нь “гай гамшиг өнгөрөн одох” гэсэн утгатай.

2000 жилийн өмнө Есүс Христ нүгэл ба үхлийн гинжинд хүлээтэй хүн төрөлхтнийг аврахаар энэ өдөр Христийн бие ба цусыг бэлгэддэг талх, усан үзмийн дарсыг өгч нүглийн уучлал, мөнх амь амлан “Энэ нь Миний цусаар тогтоох шинэ гэрээ” хэмээсэн. Загалмайд цовдлогдохын урд өдөр Тэрээр шинэ гэрээг гэрээсэлж үлдээснээр хүн төрөлхтөнд амь ба аврал өгөгдөх болсон юм. Есүс Христийн үйлдсэний дагуу Дээгүүр Өнгөрөх Баяр сахивал түүнд агуулагдсан Бурханы амлалтын ачаар Бурханы мах, цусыг өвлөх хүүхэд болж, ах эгч дүүс болж жинхэнэ тэнгэрийн гэр бүлийн ёсоор биенээ хайрлах юм.

Холбоотой кино

Амралтын өдөр

Өнөө үед ихэнх сүм ням гаргийн мөргөл тэмдэглэдэг ч Библид долоо дахь өдөр Амралтын өдрийг Бурханд мөргөх ариун өдөр гэж тогтоожээ. Амралтын өдөр нь Бүтээгч Эзэн Бурхан 6 өдрийн турш тэнгэр газрыг бүтээж дуусаад амарсан өдөр, ариун болгон ерөөгөөд ард түмэндээ сахь гэж тушаасан өдөр юм. Түүх календарь зэргээс батлан харахад, өнөө үед долоон гаргийн тогтолцоогоор бол бямба гарагтай тохирдог.

Есүс Христ Өөрөө Амралтын өдрийн Эзэн гэдгээ тодорхой харуулж, хонь барьж тахил өргөдөг байсан хуучин гэрээний зарлигаас тэс өөрөөр, сүнсээрээ, үнэнээр Бурханд мөргөж сайныг үйлддэг шинэ гэрээний Амралтын өдрийн зарлигийг биечлэн жишээгээр үзүүлсэн. Амралтын өдрийн зарлигийг Есүс Христ болон шавь нар сахиж, Паул болон хамт явагсад нь тунхаглалын аян замдаа ч тасралтгүй сахиж ирсэн юм. Гэвч элч нарын үеийн сүүлчээр сүм ертөнцлөг болж, Ромд төвлөсөн барууны сүм ням гаргийн мөргөл сахих үзэл баримталснаар Амралтын өдөр өөрчлөгдөж эхэлсэн юм.

313 онд Миланы лүндэнгээр христийн шашныг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн Константин эзэн хаан 321 онд долоо хоногийн эхний өдрийг “Ихэд хүндэтгүүштэй нарны өдөр (Sunday)” гэж зарлигдан эл өдрийг мөргөлийн өдөр буюу амрах өдөр болгоод ням гарагт амрах зарлиг гаргасан тул Ром сүм (Католик шашин)-ийн ням гаргийн мөргөлийн зарчмыг бүр ч бататгаж өгчээ. Энэ үеэс ням гараг нь сүмийн уламжлалт зан заншил болж тогтон, шинэ хуучин хамаагүй ихэнх сүм ням гарагт мөргөл сахидаг. Гэвч анхны сүмийн үнэн ба итгэлийг сахидаг Бурханы сүм Библийн дагуу Амралтын өдөр болох бямба гарагт мөргөл тэмдэглэж байна.

Холбоотой кино

3 удаагийн 7 баяр

Бурханы сүмийн чухал баяруудын тухайд, долоо хоногийн баярт Амралтын өдөр, жилийн баярт Дээгүүр Өнгөрөх Баяр, Исгээгүй Талхны Баяр, Дахин Амилсны Баяр, Пентекостын өдөр, Бүрээний Баяр, Эвлэрүүллийн өдөр, Майхан Баяр гэсэн 7 баяр ордог ба эдгээрийг 3 хувааж тэмдэглэдэг. 3 удаагийн 7 баяр нь мөн л Амралтын өдөр шиг Библийн шинэ хуучин гэрээнд үндэслэсэн Бурханы баярууд юм. Харин Бурханы сүм эртний Ромын өвлийн туйлын баяраас үүсэлтэй Христмас, Америкийг нээсэн түүхээс улбаатай Талархлын баяр гэх мэт хүний бий болгосон баярыг сахидаггүй.

Холбоотой кино

Загалмай нь шүтээн

Сүм гэхээр хэний ч санаанд загалмай орж ирдэг байх. Гэвч Бурханы сүмд загалмай байхгүй. Есүсийн байгуулж, элч нарын явж байсан анхны сүмд загалмай босгож байгаагүй төдийгүй загалмайг итгэлийн субьект юм уу бэлгэдэл гэж үздэг зарчим ч байгаагүй юм. Учир нь загалмай босгож, түүнд ач холбогдол өгч байгаа үйлдэл нь өөрөө “Шүтээнд мөргөж болохгүй” гэсэн Арван тушаалын 2 дахь тушаалыг зөрчиж буй хэрэг.

Сүмийн түүхийн ном, нэвтэрхий толь бичиг зэргээс харахад загалмай нь эртний харийн элдэв шашинд итгэлийн бэлэг тэмдэг байжээ. Нас барсан хүнд зориулсан сахиусаар ч хэрэглэгдэж байж. Мөн Есүс Христийн үед цаазын хэрэгсэл болж байлаа. Гэтэл сүм ертөнцийн зан үйлийг дагах болсон явцад сүм дотор орж ирэв. Хүзүүний зүүлт, бөгж зэрэг гоёл чимэглэлд ч загалмай ашиглагдах болов. Ийм учраас Бурханы сүм загалмайн дүрсийг шүтээн гэсэн утгаар нь татгалзаж, загалмайг биш загалмайд цовдлогдсон Христ ба Түүний үнэт цусны утга учрыг эрхэмд үздэг юм.

Баптисм

Баптисм нь нүглийн биеийг усаар оршуулж шинээр дахин төрөх утгатай ёслол. Зарим урсгалын сүмд усан баталгаа гэж хэлдэг ч Бурханы сүмд Библийн эх хэлний утгаар нь баптисм гэдэг.

Библид баптисм нь Бурхантай хийсэн гэрээний тэмдэг, авралын тэмдэг юм. Бурханы сүмийн хувьд баптисм нь итгэлийн амьдралын анхны алхам бөгөөд баптисм хүртсэн хүн жинхэнэ Бурханы ард түмэн болж тэнгэрийн хаанчлалын иргэний харьяалалтай болно гэж үздэг. “Явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ” гэсэн Есүс Христийн сургаалын дагуу энэ үед Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнсний нэрээр ёслол гүйцэтгэж байж л жинхэнэ баптисм болно. Мөн баптисм хүртсэн хүн ч Эцэг Бурхан болон Эх Бурханд итгэж байж хүртэх ёстой юм.

Толгойны алчуурын зарлиг

Бурханы сүмд залбирах юм уу, мөргөл тэмдэглэхдээ эрэгтэйчүүд толгойдоо юу ч өмсдөггүй, харин эмэгтэйчүүд толгойдоо алчуур зүүдэг. Энэ нь Библид байгаа Бурханы сүмийн зарлигийг дагаж буй хэрэг юм.

1Коринт 11-р бүлгийг харвал энэ толгойны алчуурын зарлиг нь Христийг дуурайсан, Бурханы бүтээлийн зүй тогтлыг шингээсэн, сүмийн эмх журмын төлөө тогтоогдсон зарлиг юм. Элч Паул эрэгтэй хүнд богино үс зохидог, эмэгтэй хүнд урт үс үзэсгэлэнтэй харагддаг төрөлх мөн чанарыг иш болгон толгойны алчуурын зарлигийг тайлбарлаж ч байжээ. Өнөө үед Протестант сүмд эмэгтэй, эрэгтэй ялгаагүй толгойны алчуур зүүдэггүй, харин Католик сүмд өндөр албан тушаалын эрэгтэй санваартнууд мөргөлийн үеэр толгойдоо титэм юм уу, малгай өмсдөг бөгөөд энэ бүхэн нь Библийн сургаалаас зөрдөг. Библи дэх толгойны алчуурын зарлигийг тэр хэвээр нь дагадаг сүм нь цорын ганц Бурханы сүм юм.

WATV Media Cast

Бурханы сүмийн кино сургаал руу очих

http://watvMedia.org